МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
Өөрийн болон төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалж байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч
35 дугаар зүйл. Сэжигтэн

35.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, дор дурдсан этгээдийг сэжигтнээр тооцож, үндэслэл бүхий тогтоол гаргана:

35.1.1. уг этгээдийг гэмт хэрэг үйлдэж байх үед буюу үйлдсэн дор нь барьсан;

35.1.2. гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирогч буюу харсан хүн шууд заасан;

35.1.3. уг этгээдийн бие, хувцас, эд зүйл, орон байранд гэмт хэргийн ул мөр тодорхой илэрч олдсон;

35.1.4. уг этгээд хэргээ илчлэн ирсэн;
35.1.5. гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий бусад баримт байгаа бол.

35.2. Сэжигтэн нь дор дурдсан эрх эдэлнэ :

35.2.1. ямар хэрэгт сэрдэгдэж байгаагаа мэдэх;
35.2.2. өөртэй нь холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн, баривчилсан буюу таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолтой танилцах;
35.2.3. баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах;

35.2.4. мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах;
35.2.5. эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;

35.2.6. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;

35.2.7. өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өмгөөлөгч авах;

35.2.8.өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах;
35.2.9. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр байцаан шийтгэх ажиллагаанд оролцох;

35.2.10. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;

35.2.11. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх.

35.3.Сэжигтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.

35.4.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч ямар хэрэгт сэрдэгдэж байгааг сэжигтэнд тэр даруй, түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид нь 48 цагийн дотор мэдэгдэнэ.

Print