МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах төрийн байгууллага, албан тушаалтан
28 дугаар зүйл. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч

28.1. Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэгч, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаагч мөрдөн байцаалт явуулж, анх хэргийг шалгаж эхэлсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч түүнийг шалгаж дуусгах үүрэг хүлээнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
28.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

28.2.1. эрүүгийн хэрэг үүсгэх;
28.2.2. эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт гаргах;

28.2.3 хэргийн газарт үзлэг хийх, зураглал үйлдэх, дууны болон дүрс бичлэг хийх;

28.2.4.сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоох, шинжээч томилох, хөндлөнгийн гэрчээр оролцуулах;

28.2.5. энэ хуулийн 62.1.1-62.1.4-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг авах;

28.2.6. баривчлах, цагдан хорих арга хэмжээ авах, түүнийг өөрчлөх саналыг прокурорт тавих;

28.2.7. энэ хуулийн 72 дугаар зүйлд заасан албадлагын бусад арга хэмжээ авах;

28.2.8. эд мөрийн баримт болон бусад нотлох баримт цуглуулах, энэ хуулийн 28.2.4-т заасан болон хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгч болох бусад этгээдийг байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх;

28.2.9. эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах;
28.2.10. үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө битүүмжлэх буюу хамгаалах арга хэмжээ авах;

28.2.11. энэ хуулийн заалтыг ягштал баримтлан яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шаардлагатай бүх арга хэмжээ авах;

28.2.12. прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бүх асуудлыг бие даан шийдвэрлэж, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох эцсийн хариуцлага хүлээх;

28.2.13. энэ хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд прокуророос өгсөн даалгаврыг заавал биелүүлэх, эс зөвшөөрвөл 5 хоногийн дотор дээд шатны прокурорт бичгээр санал гаргах;
/Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

28.2.14. гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд зайлшгүй хийвэл зохих гүйцэтгэх ажлыг эрх бүхий байгууллагад даалгавар бичиж гүйцэтгүүлэх;

28.2.15. өөр орон нутагт байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, түүнчлэн гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулах шаардлагатай бол энэ тухай даалгаврыг бичгээр гаргах ба түүнийг хүлээн авсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага заасан хугацаанд заавал биелүүлж хариуг цугларсан нотлох баримтын хамтаар хүргүүлэх.

28.3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас тодорхой хэргийг шалгах явцад энэ хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан тогтоолыг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ.

Print