МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах төрийн байгууллага, албан тушаалтан
27 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулах байгууллага

27.1.Тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч:
-Эрүүгийн хуулийн 79/Эх орноосоо урвах/, 80/Тагнуул хийх/, 81/Төр, нийгмийн зүтгэлтэний амь биед халдах/, 82/Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах/, 83/Зэвсэгт үймээн дэгдээх/, 84/Хорлон сүйтгэх/, 85/Хорлон саатуулах/, 86/Үндэсний эв нэгдлийг бусниулах/, 87/Төрийн нууц задруулах/, 88/Төрийн нууц мэдээ, баримт бичиг, биет зүйлийг үрэгдүүлэх/, 89/Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх/,133/Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/, 177/Зандалчлах/, 178/ Зандалчлах тухай санаатай худал мэдээлэх/, 224.2/Олон улсын нислэгийн журам зөрчих/, 297/Зэвсэгт мөргөлдөөн гаргах/, 300/Үй олноор хөнөөх зэвсэг бүтээх, олж авах, тараах, 301/Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүст халдан довтлох/; 302/Төрлөөр устгах/, 303/Хөлсний цэрэг ашиглах / дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна.

-Тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 175/Эд зүйлийг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна.

27.2.Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн болон энэ хуулийн 27.1-т зааснаас бусад тагнуулын байгууллагын ажилтны үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна.

27.3.Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нь Эрүүгийн хуулийн 263.2./Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264.2./Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265/Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266.2./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 268/Хээл хахууль авах/, 269/Хээл хахууль өгөх/, 270.2./Хээл хахууль зуучлах/, 273.2./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна.

27.4.Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч нь энэ хуулийн 27.1, 27.2, 27.3-т зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна.

/Дээрх 27 дугаар зүйлийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Print