МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомж
5 дугаар зүйл. Нэр томъёоны тодорхойлолт

5.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1. “байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч” гэж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг;

5.1.2. “хэрэг бүртгэх албаны дарга” гэж хэрэг бүртгэлт явуулах байгууллагын хэрэг бүртгэх газар, хэлтэс, тасгийн дарга, түүний орлогчийг;
/Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

5.1.3. "хэрэг бүртгэгч" гэж хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтныг;

5.1.4. "мөрдөн байцаах албаны дарга" гэж мөрдөн байцаалт явуулах байгууллагын мөрдөн байцаах газар, хэлтэс, тасгийн дарга, түүний орлогчийг;

5.1.5. "мөрдөн байцаагч" гэж мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг;

5.1.6. “талууд” гэж шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцээнд оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа этгээдийг;

5.1.7. “яллах тал” гэж прокурорыг;
5.1.8. ”өмгөөлөх тал” гэж шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, түүний төлөөлөгчийг;

5.1.9. “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг;

5.1.10. “бусад оролцогч” гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, хөндлөнгийн гэрч, орчуулагч, хэлмэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг;
5.1.11.”гэр бүлийн гишүүн” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, тэдэнтэй хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг;
/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.1.12."үр хүүхэд" гэж төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жичийг;
5.1.13."хууль ёсны төлөөлөгч" гэж хуулийн дагуу тогтоогдсон, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг;

5.1.14."төрөл, садангийн хүн" гэж нэг гэр бүлд хамт амьдардаггүй эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жич, төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;
/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.1.15. "шүүх" гэж Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийг;

5.1.16. "анхан шатны шүүх" гэж эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх сум буюу сум дундын, дүүргийн шүүхийг;

5.1.17. "давж заалдах шатны шүүх" гэж эрүүгийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх аймаг, нийслэлийн шүүхийг;

5.1.18. "хяналтын шатны шүүх" гэж Улсын дээд шүүхийг;
5.1.19. "шүүгч" гэж бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийг;
5.1.20."прокурор" гэж бүх шатны прокурорын газрын прокурорыг;
5.1.21. "цагаатгах тогтоол" гэж шүүгдэгчийн гэм буруугүйг нотолсон шүүхийн шийдвэрийг;

5.1.22. "шийтгэх тогтоол" гэж шүүгдэгчийг гэм буруутайг нотолж, түүнд ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг;

5.1.23. "магадлал" гэж давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг;

5.1.24. "тогтоол" гэж Улсын дээд шүүхээс анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг хянаад гаргасан шийдвэр; хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуророос гаргасан яллах дүгнэлтээс бусад шийдвэр; эрүүгийн хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж гаргасан цагаатгах, шийтгэх тогтоолоос бусад шүүхийн шийдвэрийг;

5.1.25. "шүүгчийн захирамж" гэж эрүүгийн хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж гаргасан цагаатгах, шийтгэх тогтоолоос бусад шүүгч дангаараа гаргасан шийдвэрийг;

5.1.26. "прокурорын дүгнэлт" гэж прокуророос шүүх хуралдаан дээр гаргасан саналыг;

5.1.27."шөнийн цаг" гэж тухайн өдрийн 22 цагаас дараа өдрийн 06 цаг хүртэлх хугацааг.

Print