МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ЗОРИЛГО, ТӨРӨЛ
52 дугаар зүйл. Хорих

52.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ хуульд заасан хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлан хорих анги, гянданд байлгахыг хорих ял гэнэ.

52.2.Хорих ялын үндсэн хугацаа нэгээс арван таван жил хүртэл байна. Хорих ялыг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар оногдуулж болно.

52.3.Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгүй.

52.4.Хорих ялыг жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих анги болон гянданд эдлүүлнэ.

52.5.Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан, түүнчлэн онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэнээс болон онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос бусад эмэгтэй ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ.

52.6.Хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл урьд нь хорих ял эдэлж байсан, анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
52.7. Хоёр ба түүнээс дээш удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтны хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
52.8.Хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй эрэгтэй ялтан, хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй эмэгтэй ялтны хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ.

52.9.Урьд нь хорих ял эдэлж байсан, түүнчлэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй эрэгтэй ялтны хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ.

52.10.Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу чангаруулан өөрчилж болно. Ийнхүү шийдвэрлэсэн шалтгааныг шийтгэх тогтоолд заана.

52.11.Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон болон арван найман насанд хүрсний дараа онц хүнд гэмт хэрэгт арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн эрэгтэй ялтны хорих ялын заримыг гянданд эдлүүлэхээр шүүх тогтоож болно.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/


Print