МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЭТГЭЭД
22 дугаар зүйл. Хэрэг хариуцах чадваргүй байдал

22.1.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй, өөрөөр хэлбэл, сэтгэцийн архаг өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл оюун ухааны хомсдолтой буюу өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон этгээдэд ял оногдуулахгүй. Ийм этгээдэд шүүх энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

22.2.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан боловч шүүх хэргийг шийдвэрлэх үед сэтгэцийн өвчтэй , сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон этгээдэд ял оногдуулахгүй. Ийм этгээдэд энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, эдгэрсний нь дараа ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

Print