МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРАВДУГААР БҮЛЭГ
ЯЛ ОНОГДУУЛАХ
56 дугаар зүйл. Ял хүндрүүлэх нөхцөл байдал

56.1.Шүүх ял оногдуулахдаа зөвхөн дор дурдсан хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

56.1.1. гэмт хэрэг давтан үйлдсэн;
56.1.2. гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн;
56.1.3. эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэгт татан оруулсан, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй, хэрэг хариуцах чадваргүй хүнээр гэмт хэрэг үйлдүүлсэн;

56.1.4. гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан;
56.1.5. гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар буюу хохирогчийг тохуурхан даажигнаж үйлдсэн;

56.1.6. жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, бага насны хүүхэд, өндөр настан, биеэ хамгаалж чадахгүй хүн, түүнчлэн эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байсан хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн;

56.1.7. нийтэд учирсан гамшигт байдал, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг далимдуулан гэмт хэрэг үйлдсэн;

56.1.8. албаны үйл ажиллагаа буюу олон нийтийн үүргээ биелүүлж байгаа хүн, түүний ойрын төрөл садангийн хүний эсрэг гэмт хэргийг тэдний гүйцэтгэж байгаа үүрэгтэй нь холбогдуулан үйлдсэн;

56.1.9. нийтэд аюултай аргаар гэмт хэрэг үйлдсэн буюу галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх үйлчилгээтэй галт хэрэгсэл, хорт бодис, эм бэлдмэл, химийн болон биологийн гаралтай бодис ашиглаж гэмт хэрэг үйлдсэн;
56.1.10. согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн;
56.1.11. өөр гэмт хэргийг нуун далдлах буюу үйлдэхэд хялбарчлах зорилгоор үйлдсэн;

56.1.12. шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан буюу ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд, эсхүл ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн.

56.2.Энэ хуулийн 56.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй.

56.3.Шүүх ял оногдуулахдаа энэ хуулийн 56.1-д зааснаас бусад байдлыг ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.

Print