МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРАВДУГААР БҮЛЭГ
ЯЛ ОНОГДУУЛАХ
55 дугаар зүйл. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал

55.1.Шүүх ял оногдуулахдаа дор дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

55.1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн;

55.1.2. гэмт хэргийн улмаас учрах хор уршгийг зайлуулсан;
55.1.3. гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан;

55.1.4.хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэхэд автсан, эсхүл эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлд нь орсноос гэмт хэрэг үйлдсэн;

55.1.5.хохирогчийн хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас болон хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн;

55.1.6. өөрт нь болон гэр бүлийн гишүүнд нь, түүнчлэн бусад хүмүүст тохиолдсон хүнд нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн;

55.1.7. арван найман насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн;
55.1.8. жирэмсэн буюу бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн;

55.1.9. үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн буюу гэмт хэргээ сайн дураар илчилж ирсэн, түүнчлэн гэмт хэрэг болон гэмт хэрэг үйлдсэн этгээд, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн;

55.1.10.бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн.

55.2. Энэ хуулийн 55.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй.

Print