МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
36 дугаар зүйл. Компанийн давуу эрхийн хувьцаа

36.1. Бүх төрлийн давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь дараахь эрх эдэлнэ:

36.1.1. эрх бүхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжинд авах;

36.1.2. энэ хууль, компанийн дүрэм болон тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт заасан асуудлаар хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох;
36.1.3. компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж байгаа хувьцааны татан буулгалтын үнийг авах.

36.2. Компанийн дүрэм, эсхүл тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт дор дурдсан зүйлийг тусгана:

36.2.1. татан буулгах үед түүнд төлөх төлбөр, төлөх журам, дэс дараалал;
36.2.2. хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох нөхцөл, давуу эрхийн нэг хувьцаанд ногдох саналын тоо;

36.2.3.давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаанд хөрвүүлэх бол түүний нөхцөл;
36.2.4. давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшилд байгаа давуу эрхийн хувьцаагаа компанид эргүүлэн авахыг шаардах нөхцөл.

36.3. Компани нь давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг бүрэн төлсөн болон эргүүлэн авах үүрэг бүхий давуу эрхийн хувьцааг авсаны дараа энгийн хувьцааг эргүүлэн авах буюу худалдан авах, түүнд ногдол ашиг төлөх эрхтэй болно.

36.4. Энэ хуулийн 48.З.-т заасан нөхцөл үүсээгүй бол компани нь давуу эрхийн хувьцаанд ногдох ногдол ашгийг дүрэмд заасан хэмжээ болон хугацаанд төлнө.

36.5. Компанийг татан буулгах тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчдэд ногдох хөрөнгийг олгохоос өмнө дарааллын дагуу давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд уг хувьцааны татан буулгалтын үнэ, төлөгдөөгүй ногдол ашгийг төлнө.

36.6. Давуу эрхийн хувьцаа эзэмшигчид нь хувь нийлүүлэгчдийн хуралд дараахь тохиолдолд саналын эрхтэй оролцоно:

36.6.1. компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон дүрмийн шинэчилсэн найрууулгыг батлахдаа тэдгээрийн эрхийг хязгаарласан заалтыг оруулж байвал;

36.6.2. компанийг өөрчлөн байгуулах явцад давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаа, бусад төрлийн үнэт цаас болон бусад хөрөнгөнд хөрвүүлж байвал.

36.7. Энэ хуулийн 36.6.-д заасны дагуу давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхтэй оролцож байгаа хувь нийлүүлэгчдийн хурлын уг асуудлаарх шийдвэрийг компанийн дүрэмд дээгүүр тогтоогоогүй бол зөвхөн давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор гаргана.

36.8. Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох хуралд давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийг дараахь нөхцөлд саналын эрхтэй оролцуулахаар компанийн дүрэмд зааж болно:
36.8.1. компанийн дүрэмд энгийн хувьцаанд хөрвөх давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөн удирдах зөвлөлд өөрийн төлөөлөгчийг оруулж болохоор заасан бол;

36.8.2. давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг хугацаанд нь төлөөгүй бол.

Print