МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих
30 дугаар зүйл. Компанийн үйл ажиллагааг дуусгавар болгох

30.1. Бүртгэх байгууллага дараахь баримт бичгийг үндэслэн компанийн үйл ажиллагаа дуусгавар болсныг бүртгэнэ.

30.1.1. компанийг татан буулгах замаар дуусгавар болгож байгаа тохиолдолд компанийг татан буулгах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын буюу шүүхийн шийдвэр, дуусгалтын балансын хуулбар;

30.1.2. компанийн үйл ажиллагаа нь нэгдэх, нийлэх, хуваах, өөрчлөгдсөний улмаас дуусгавар болсон тохиолдолд өөрчлөн байгуулах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр;

30.1.3. хуваах замаар өөрчлөн зохион байгуулагдсаны улмаас компанийн үйл ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд хуваах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, хуваах баланс;

30.1.4. компанийн дүрэм болон бүртгэлийн гэрчилгээ.

30.2. Компанийн үйл ажиллагаа нь нэгдэх, нийлэх, өөрчлөгдсөний улмаас дуусгавар болсон тухай мэдэгдэлд дуусгавар болсон компанийн эрх, үүргийг шилжүүлэн авсан хуулийн этгээдийн нэрийг бичнэ. Компанийн үйл ажиллагаа нь хуваагдсаны улмаас дуусгавар болсон тухай мэдэгдэлд дуусгавар болсон компанийн эрх, үүргийг хуваах балансын дагуу шилжүүлэн авсан компани тус бүрийн нэрийг бичнэ.

30.3. Дараахь тохиолдолд бүртгэх байгууллага, эсхүл хувь нийлүүлэгч, эсхүл зээлдүүлэгч компанийг татан буулгахаар шүүхэд хандаж болно:

30.3.1. компанийн үйл ажиллагаа явуулах дүрэмд заасан хугацаа дуусгавар болсон;

30.3.2. тусгай зөвшөөрөл шаардсан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд тус үйл ажиллагаа нь компанийн дүрмээр зөвшөөрөгдсөн цорын ганц үйл ажиллагаа байсан;

30.3.3. компанийг бүртгэх буюу үйл ажиллагаагаа эрхлэх явцад хуулийн ноцтой зөрчил гарсан нь нөхөж болшгүй буюу эдгээр зөрчлүүдийн тухай бичгээр мэдэгдэл хүлээж авсан ч компани нь тэдгээрийг арилгаж чадаагүй байгаа.

/Дээрхи 30 дугаар зүйлийг 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд энэ хуулийг 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө/

Print