МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих
27 дугаар зүйл. Компанийг татан буулгахад өр төлбөрийг барагдуулах журам

27.1. Компанийг татан буулгах үед өр төлбөрийг барагдуулахдаа Иргэний хууль, энэ хууль болон бусад хуулийн заалтыг мөрдөнө.

27.2. Татан буулгах комисс нь компанийг татан буулгах болон нэхэмжлэл гаргах журам, хугацааг нийтэд мэдээлнэ. Нэхэмжлэл гаргах хугацаа нь татан буулгах тухайг нийтэд мэдээлснээс хойш 2 сараас багагүй, 6 сараас ихгүй байна.

27.3. Татан буулгах комисс нь компанийг татан буулгах, нэхэмжлэл гаргах журам, хугацааг зээлдүүлэгчдэд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

27.4. Хэрвээ татан буулгах тухай шийдвэр гаргах үед компани нь ямар нэгэн өргүй бол компанийг татан буулгах мэдэгдлийг нийтэд мэдээлэхгүйгээр түүнийг татан буулгаж болно. Энэ тохиолдолд компанийн эд хөрөнгийг энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хувь нийлүүлэгчдэд хуваарилна.

27.5. Нэхэмжлэл гаргах хугацаа дууссанаар татан буулгах комисс нь татан буугдаж байгаа компанийн эд хөрөнгийн тухай мэдээ, зээлдүүлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх дүнг агуулсан татан буулгах түр балансыг гаргах бөгөөд уг балансыг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал / батална.

27.6. Татан буулгах комисс нь нэхэмжлэлийг хэрхэн барагдуулах тухайгаа тэдэнд бичгээр мэдэгдэх бөгөөд зээлдүүлэгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл татан буулгалтын балансыг батлахаас өмнө шүүхэд гомдол гаргаж болно.

27.7. Хэрэв татан буугдаж байгаа компанийн мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэлийг барагдуулахад хангалтгүй бол татан буулгах комисс нь компанийн бусад эд хөрөнгийг худалдана. Хэрэв эдгээр эд хөрөнгийг худалдах нь энэ хуулийн арван гуравдугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцогдох тохиолдолд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана.

27.8. Татан буугдаж байгаа компанийн зээлдүүлэгчдийн өр төлбөрийг татан буулгах комисс нь татан буулгах балансыг баталсан өдрөөс эхлэн тус балансын дагуу Иргэний хууль болон энэ хуульд заасан дарааллын дагуу барагдуулна.

27.9. Татан буулгах комисс нь өр төлбөрийг барагдуулсны дараа дуусгалтын баланс гаргана. Балансыг зээлдүүлэгчдийн нэхэмжлэлийг хэрхэн барагдуулсан тухай мэдэгдэл явуулснаас хойш ажлын 30 ба түүнээс дээш хоногийн дараа гаргана.

27.10. Дуусгалтын баланс гаргаснаас хойш шүүх тусгайлан шийдвэрлээгүй бол гаргасан аливаа нэхэмжлэлийг хүлээн авахгүй.

Print