МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих
26 дугаар зүйл. Компанийг татан буулгах

26.1. Компанийг хувь нийлүүлэгчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана.

26.2. Шүүх компанийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана:

26.2.1. дампуурсан;
26.2.2. нэг ч гишүүн үлдээгүй;
26.2.3. хуульд заасан бусад үндэслэл.

26.3. Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр татан буугдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг татан буулгах комисс томилох, татан буулгах хугацаа, журам, зээлдүүлэгчдийн нэхэмжлэлийг барагдуулсаны дараагаар компанид үлдэж байгаа эд хөрөнгийг хувь нийлүүлэгчдэд хуваарилах журам зэргийг тусгасан татан буулгах төслийг хувь нийлүүлэгчдийн хуралд оруулж, хуралд оролцогчдын саналын дийлэнх олонхоор шийдвэрлүүлнэ.

26.4. Татан буулгах комисс томилсоноор тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болж татан буулгах комисст шилжих бөгөөд уг комисс нь татан буугдаж байгаа компанийн нэрийн өмнөөс шүүх хуралд төлөөлөн оролцоно.

26.5. Татан буулгах комисс үүргээ гүйцэтгэх үедээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн компанид, эсхүл зээлдүүлэгчид ямар нэг хохирол учруулсан бол уг хохирлыг хуульд заасан журмын дагуу хариуцна.

Print