МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих
25 дугаар зүйл. Компанийн өрийг хувьцаагаар солих

25.1. Компанийн хувьцаанаас бусад үнэт цаас болон өрийг хувьцаагаар сольж болох бөгөөд үүнийг өрийг хувьцаагаар солих гэнэ.

25.2. Зээлдүүлэгч болон бусад харилцагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол компанийн өрийг хувьцаагаар солиход хувьцаа авах тухайн зээлдүүлэгч, харилцагчийн зөвшөөрлийг авсан байна.

25.3. Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийн өрийг хувьцаагаар солих төсөл боловсруулан хувь нийлүүлэгчдийн хуралд оруулж, уг асуудлаар саналын эрхтэй хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.

25.4. Өрийг хувьцаагаар солих тухай төсөлд солигдох өр, гаргах хувьцааны хэмжээ, үнэ, зорилго, хэрэгжүүлэх нөхцөл, журам, компанийн дүрэмд оруулах өөрчлөлт зэргийг зааж өгсөн байна.

25.5. Хувьцаа, худалдан авах эрхийн бичиг буюу хувьцаанд хөрвөх үнэт цаасыг тэдгээрийн хөрвөх нөхцөлийн дагуу хөрвүүлэхийг компанийн өрийг хувьцаагаар сольсонд тооцохгүй.

25.6. Компанийн өрийг хувьцаагаар солих асуудлаар эсрэг саналтай байсан буюу санал хураалтанд оролцоогүй хувь нийлүүлэгч хувьцаа авахад оролцох эрхтэй.

Print