МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих
22 дугаар зүйл. Компанийг тусгаарлах

22.1. Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ. Компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

22.2. Компанийг тусгаарлах нөхцөл, журам, хуваах балансыг батлах болон шинэ компани байгуулах тухай шийдвэрийг өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ гаргана.

22.3. Шинээр байгуулагдсан компанийн хувь нийлүүлэгчдийн хурал нь энэ байгуулагдсан компанийн дүрмийг баталж, хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно.

22.4. Компанийг тусгаарлахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь өөрийн бүх өрийг хариуцна. Өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн өмнөөс түүний өрийг шинээр бий болж байгаа компаниар төлүүлэхийг хуваах балансаар тогтоож болно. Энэ тохиолдолд өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанид шилжүүлсэн үүргээ хамтран хүлээнэ.

22.5. Энэ хуулийн долдугаар бүлэгт заасныг үндэслэн компанийг тусгаарласны дараа шинээр байгуулагдсан компаниас гаргасан үнэт цаасыг бүгдийг нь, эсхүл түүний зарим хэсгийг ногдол ашиг хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчид шилжүүлж болно.

Print