МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих
21 дүгээр зүйл. Компанийг хуваах

21.1. Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх 2 буюу түүнээс дээш компанид бүрэн шилжүүлэхийг компанийг хуваах гэнэ. Компанийг хуваах тухай шийдвэрт өөрөөр заагаагүй бол хуваагдаж байгаа компанийн энгийн хувьцаа эзэмшигчид нь компанийн хөрөнгийн хуваагдсан хэмжээтэй хувь тэнцүүлэн шинээр бий болсон компани тус бүрийн энгийн хувьцааны эзэмшигч болно.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

21.2. Компанийг хуваах замаар өөрчлөн байгуулах, шинэ компани байгуулах, хуваах балансыг батлах асуудал болон тухайн компанийн үнэт цаасыг шинээр байгуулагдсан компанийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх журмыг хуваагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувь нийлүүлэгчдийн хуралд оруулж хуралд оролцогчдын саналын дийлэнх олонхоор шийдвэрлүүлнэ.

21.3. Шинээр байгуулагдсан компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар компанийн дүрмийг баталж, хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно. Энэ хурлыг хуралдуулах тусгайлсан журмыг хуваах замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрт заана.

21.4. Компанийг хуваахад түүний эрх, үүрэг шинээр байгуулагдсан компаниудад хуваах балансын дагуу шилжинэ.Компанийг хуваах тухай гэрээнд өөрөөр заагаагүй бол шинээр үүссэн компани бүр бусад компанийнхаа өмнөөс давхар хариуцлага хүлээнэ.

Print