МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих
20 дугаар зүйл. Компани нэгдэх

20.1. Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компани нэгдэх гэнэ.

20.2. Нэгдэж байгаа болон нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /хэрэв байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компани нэгдэх тухай шийдвэрийн төсөл болон нэгдэх гэрээг компани тус бүрийн хувь нийлүүлэгчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ. Нэгдэх гэрээнд нэгдэх нөхцөл, журмыг тодорхойлохоос гадна нэгдэж байгаа компанийн үнэт цаас, нэгтгэж байгаа компанийн үнэт цаас, бусад хөрөнгөнд хөрвөх журмыг тусгасан байна.

20.3. Компанийг нэгдэх замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрийг хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор гаргана.

20.4. Нэгдэж байгаа компанийн нийт энгийн хувьцааны 75-аас илүү хувийг эзэмшиж байгаа бөгөөд нэгдсэнээр компанийн дүрэмд өөрчлөлт орох шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчид/-ийн хурлаар нэгдэх тухай шийдвэр гаргаж, нэгдэх журмыг баталж болно.

Print