МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих
19 дүгээр зүйл. Компаниуд нийлэх

19.1. Хоёр буюу хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг компаниуд нийлэх гэнэ.

19.2. Нийлж байгаа компани тус бүрийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг нийлэх замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрийн төсөл болон өөрчлөн байгуулах нөхцөл, журмыг тодорхойлсон гэрээ, шинэ компанийн дүрэм, компани тус бүрийн үнэт цаасыг шинэ компанийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх журмыг тодорхойлсон саналаа компани тус бүрийн хувь нийлүүлэгчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

19.3. Компаниуд нийлэх тухай шийдвэр, гэрээг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална.

19.4. Гэрээнд шинээр үүссэн компанийн хувь нийлүүлэгчдийн хурал хуралдах хугацаа, товыг заана. Энэ хурлаар компанийн дүрмийг баталж, хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно. Хуралд оролцож байгаа хувь нийлүүлэгчдийн саналын эрх нь нийлэх гэрээгээр тодорхойлсон хөрвөсөн саналын эрхтэй тэнцүү байна.

Print