МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих
18 дугаар зүйл. Компанийг өөрчлөн байгуулах

18.1. Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр компанийг энэ хуульд заасан журмын дагуу нийлэх, нэгдэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.

18.2. Хуульд заасан тохиолдолд шүүх компанийг хуваах, тусгаарлах шийдвэр гаргаж болно.

18.3. Нэгдэхээс бусад хэлбэрээр өөрчлөн байгуулагдаж байгаа нөхцөлд шинээр бий болж байгаа компанийг улсын бүртгэлд бүртгэснээр компани өөрчлөн байгуулсанд тооцно.

18.4. Нэгдэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдаж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хасч нэгтгэсэн компанийн дүрэмд хэрэв өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцно.

18.5. Өөрчлөн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 15 хоногийн дотор өөрчлөн байгуулагдсан компани нь зээлдүүлэгч болон бусад харилцагчдад өөрчлөн байгуулагдсан тухайгаа бичгээр мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд дараахь зүйлийг тусгана:

18.5.1. өөрчлөн байгуулсан арга хэлбэр;
18.5.2. өөрчлөн байгуулагдсан болон өөрчлөн байгуулалтын үр дүнд шинээр үүссэн компани тус бүрийн байршил болон оноосон нэр;

18.5.3. өөрчлөн байгуулах тухай шийдвэр гарсан огноо;
18.5.4. хуваах болон тусгаарлах хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд хуваах баланс.

18.6. Хувьцаат компани нь өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэр гаргаснаас хойш энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржэд ажлын З хоногийн дотор мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Print