МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Компани байгуулах
17 дугаар зүйл. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, бүртгэх

17.1. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална.

17.2. Компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулга нь хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хөндсөн тохиолдолд эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтанд оролцоогүй хувь нийлүүлэгчид энэ хуулийн 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу эзэмшиж байгаа хувьцаагаа компанид эргүүлэн худалдахыг шаардах эрхтэй.

17.3. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхэд дараахь баримт бичгийн бүрдүүлнэ:

17.3.1. компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл;

17.3.2. компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, орж байгаа өөрчлөлт нэмэлт, эсхүл шинэчилсэн найруулгын бүрэн эхийн хамтаар;

17.3.3. компанийн дүрмийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ;
17.3.4. бүртгэлийн хураамж төлсөн баримт.

17.4. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийг шинэчлэн найруулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

17.5. Бүртгэх байгууллага энэ хуулийн 17.3.-т заасан баримтыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэр гаргана.

17.6. Компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт болон шинэчилсэн найруулгыг энэ хуулийн 17.3.-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалзана.

17.7. Бүртгэх байгууллага компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор татгалзах үндэслэлийг тусгасан мэдэгдлийг өргөдөлд заасан шуудангийн хаягаар илгээнэ. Бүртгэх байгууллагын энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл компани шүүхэд гомдол гаргаж болно.

17.8. Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно.

Print