МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Компани байгуулах
15 дугаар зүйл. Компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх

15.1. Компани байгуулах тухай шийдвэр гарсанаас хойш ажлын 10 хоногийн дотор компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад өгнө.

15.2. Компанийг бүртгүүлэхэд дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

15.2.1. компанийн оноосон нэр, оршин байх газар зэргийг заасан эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий бүртгүүлэх тухай өргөдөл, уг өргөдөлд тухайн компанитай харилцах шуудангийн хаягийг заавал заасан байна;

15.2.2. компани байгуулах тухай үүсгэн байгуулах хурлын шийдвэр;
15.2.3. компанийн дүрэм;
15.2.4. бүртгэлийн хураамж төлсөн баримт ;
15.2.5. бүртгүүлэх өдөр байх ёстой өөрийн хөрөнгийн доод хэмжээг харуулсан эхлэлтийн баланс.

15.3. Компанийг бүртгэхэд бүртгэх байгууллага нь энэ зүйлд зааснаас бусад баримт бичиг шаардах буюу баримт бичгийн агуулгад шаардлага тавьж үл болно.

15.4. Бүртгэх байгууллага өргөдлийг хүлээн аваад дараахь зүйлийг хянан үзнэ:

15.4.1. энэ хуулийн 15.2-т заасан баримт бичиг бүрэн бүрдсэн эсэх;
15.4.2. компанийн дүрэмд энэ хуулийн 16.2.-т заасан зүйлийг тусгасан эсэх;
15.4.3. компанийн оноосон нэр нь бусад компани, нөхөрлөлийн оноосон нэртэй давхардсан эсэх;

15.4.4. эхлэлтийн балансанд тусгагдсан компанийн өөрийн хөрөнгө нь энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан доод хэмжээнд хүрсэн эсэх.

15.5. Бүртгэх байгууллага энэ хуулийн 15.2.-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын З хоногийн дотор компанийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох, эсхүл компанийг бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэр гаргана.

15.6. Компанийг улсын бүртгэлд бүртгэх тухай энэ хуулийн 15.4.-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд компанийг бүртгэхээс татгалзана.

15.7. Бүртгэх байгууллага компанийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр гарсанаас хойш ажлын З хоногийн дотор татгалзах үндэслэлийг тусгасан мэдэгдлийг өргөдөлд заасан шуудангийн хаягаар өргөдөл гаргасан этгээдэд хүргүүлнэ. Бүртгэх байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл үүсгэн байгуулагчид шүүхэд гомдол гаргаж болно.

15.8. Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан компанийг энэ зүйлд заасан журмын дагуу дараахь баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэнэ:

15.8.1 .өөрчлөн байгуулагдсан компани /компаниуд/-ын эрх бүхий төлөөлөгчийн гарын үсэг бүхий бүртгүүлэх тухай өргөдөл;

15.8.2. хуулийн этгээд /хуулийн этгээдүүд/-ийг өөрчлөн байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;

15.8.3. шинээр байгуулсан компанийн дүрэм;

15.8.4. хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компани болгон өөрчлөн байгуулсан тохиолдолд нийтэд санал болгосон хувьцаагаа Үнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу бүртгүүлэх зөвшөөрөл авсан тухай Үнэт цаасны хорооны шийдвэр;

15.8.5. өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээд /хуулийн этгээдүүд/-ийн дүрэм болон бүртгэлийн гэрчилгээ;

15.8.6. компани нэгдэх буюу өөрчлөх хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдаж байгаа тохиолдолд нэгдэх буюу өөрчлөх тухай шийдвэр, хуваах буюу тусгаарлах хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдаж байгаа тохиолдолд хуваах баланс;

15.8.7. бүртгэлийн хураамж төлсөн баримт.

15.9. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг гадаадын хуулийн этгээд, түүний салбар буюу төлөөлөгчийн газар нь бүртгэх байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгэх байгууллага нь тэдгээрийг бүртгэх журмыг энэ хуульд заасан компанийг бүртгэх журамтай нийцүүлэн гаргана.

15.10. Компани улсын бүртгэлд бүртгүүлснээр байгуулагдсанд тооцогдож дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах эрхтэй.


/Дээрхи 15 дугаар зүйлийг 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд энэ хуулийг 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө/
/Дээрхи 15 дугаар зүйлийг 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд энэ хуулийг 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө/

Print