МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Компани байгуулах
14 дүгээр зүйл. Компани үүсгэн байгуулах хурал

14.1. Компани үүсгэн байгуулах хурлыг үүсгэн байгуулагчид зарлан хуралдуулна.

14.2. Үүсгэн байгуулагчид санал нэгтэйгээр өөрөөр шийдвэрлээгүй бол үүсгэн байгуулагч бүр үүсгэн байгуулах хуралд саналын тэнцүү эрхтэй оролцоно.

14.3. Үүсгэн байгуулах хурлаар дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

14.3.1.компани байгуулах тухай шийдвэр;
14.3.2. компанийн дүрэм;

14.3.3. зарласан болон гаргах хувьцаа, тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах үнэ;

14.3.4. төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

14.3.5. хянан шалгах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

14.3.6. компани үүсгэн байгуулахад гаргасан зардлыг нөхөн олгох журам;

14.3.7.захиалсан хувьцааны төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгах хугацаа.

14.4. Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол бүх үүсгэн байгуулагчид оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох бөгөөд шийдвэрийг хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар гаргана.

14.5. Хурал даргалагчийг үүсгэн байгуулагчдаас сонгоно.

14.6. Үүсгэн байгуулагчид мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийх тохиолдолд санал болгож байгаа эд хөрөнгийнхээ үнийн талаар шаардлагатай гэж үзвэл үнэлгээний байгууллага болон холбогдох мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гаргуулан санал боловсруулж үүсгэн байгуулах хуралд оруулна.

14.7. Мөнгөн бус хэлбэрээр хийгдэж байгаа эд хөрөнгийн үнийг үүсгэн байгуулах хуралд оролцогчид санал нэгтэй шийдвэрлэнэ.

14.8. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар компани байгуулагдаагүй бол захиалагчийн урьдчилан хийсэн төлбөрийг үүсгэн байгуулах хурал товолсон өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн олгох үүргийг үүсгэн байгуулагчид хүлээнэ.

Print