МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Компани, түүний эрх зүйн байдал
7 дугаар зүйл. Компанийн салбар, төлөөлөгчийн газар

7.1. Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг тусгай нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь, түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно.

7.2. Компанийн төлөөлөгчийн газар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулна.

7.3. Компани нь Монгол Улсад болон гадаадад өөрийн салбар, төлөөлөгчийн газартай байж болно. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/гаргана.

7.4. Гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад оршин байгаа салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэх байгууллагад бүртгүүлнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадад салбар, төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг тухайн улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

7.5. Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаа эрхлэн явуулна. Салбар, төлөөлөгчийн газрын эд хөрөнгийг түүнийг байгуулсан компанийн баланст тусгана.
7.6. Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулна. Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын хүлээх үүргийг хариуцна.

7.7. Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчийг томилох бөгөөд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.

Print