МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Компани, түүний эрх зүйн байдал
5 дугаар зүйл. Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани

5.1. Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /цаашид энэ хуульд "хязгаарлагдмал хариуцлагатай компани " гэх / үүсгэн байгуулагчдын тоо 50-иас дээшгүй байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагдсаны дараа хувьцаа эзэмшигчдийн тоог хязгаарлахгүй.

5.2. Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг зөвхөн хаалттай захиалгын үндсэн дээр гаргана. Тэдгээрээс бусад үнэт цаасыг компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаат ба хаалттай захиалгын үндсэн дээр гаргаж болно.

5.3. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчид нь компанийн бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гурав дахь этгээдэд санал болгох үнээр эзэмшиж байгаа хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ зүйл болон компанийн дүрэмд заасан журмын дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй.

5.4. Хувьцаагаа худалдахаар санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч нь саналаа бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр мэдэгдэнэ. Энэ мэдэгдэлд худалдах гэж байгаа хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжинд худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байна.

Хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ. Энэ мэдэгдэлд худалдан авч байгаа хувьцаа эзэмшигчийн овог, нэр, хаяг, худалдан авах хувьцааны тоо, төлбөр хийсэн баримт зэргийг тусгасан байна. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг тэргүүн ээлжинд авах эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжүүлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувь нийлүүлэгчдэд шилжүүлэх эрхтэй.

5.5. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.З-т заасан эрхийг хувьцаа эзэмшигч тогтоосон хугацаанд бүрэн эдлээгүй тохиолдолд тэдгээрийг худалдан авах эрх компанид шилжих бөгөөд компани нь энэ эрхийг мэдэгдэлд заасан хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор хэрэгжүүлнэ.

5.6. Энэ хуулийн 5.3, 5.5-д заасан этгээдүүд тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хувьцаагаа худалдахаар санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч нь мэдэгдэлд заасан үнээс багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй.

Print