МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Хүүхэд үрчлэх
58 дугаар зүйл. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах

58.1. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын эрх бүхий байгууллагад гаргана.

58.2. Монгол Улсад зургаан сараас доошгүй хугацаанд оршин сууж байгаа гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авахад энэ хуулийн 58.1 хамаарахгүй.

58.3. Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч гадаадын иргэн нь энэ хуулийн 55.1, 55.3-т заасан зөвшөөрлөөс гадна дор дурдсан бичиг баримт бүрдүүлнэ:

58.3.1. хүүхэд үрчлэн авахыг хүсэгчийн /нөхөр, эхнэртэй бол хамтарч гаргасан/ хүсэлт, түүний нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны орчуулга;

58.3.2. үрчлэгч нь сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй эсэх талаархи эмнэлгийн магадлагаа;

58.3.3. өргөдөл гаргагчийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /гэр бүлтэй бол/;

58.3.4. өргөдөл гаргагчийн байнга оршин суугаа газрын талаар холбогдох байгууллагын тодорхойлолт /цагдаагийн байгууллагын тодорхойлолт хамаарна/;

58.3.5. өргөдөл гаргагчийн амьдралын болон санхүүгийн боломжийн тухай тухайн улсын холбогдох байгууллагын тодорхойлолт;

58.3.6. өргөдөл гаргагчийн талаархи хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолт.

58.4. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авсныг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль1-ийн 111 дүгээр зүйлд заасан байгууллага бүртгэнэ.

58.5. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах хүсэлтийг Монгол Улсын дипломат болон консулын байгууллагаар уламжлан энэ хуулийн дагуу шийдвэрлэхэд энэ хуулийн 58.1 хамаарахгүй.

58.6. Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах хүсэлтэй гадаадын иргэний бүртгэл хөтөлж, хүүхдийг үрчлэх, үрчлэгдсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар бусад улс, тэдгээрийн холбогдох байгууллага, олон улсын байгууллагатай хамтран ажиллана.

58.7. Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх журмыг хууль зүйн болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд хамтран тогтооно.

58.8. Хүүхдийнхээ эх орон, эцэг, эхийг нь мэдүүлэх үүргийг үрчлэн авсан эцэг, эх нь хүлээнэ.

58.9. Үрчлэгдсэн хүүхэд харьяатаа сонгох эрхийг Харьяатын тухай Монгол Улсын хууль1-д заасны дагуу эдэлнэ.

58.10. Энэ зүйл нь харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.

Print