МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа
26 дугаар зүйл. Хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүрэг

26.1. Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.

26.2. Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ:

26.2.1. хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх;

26.2.2. хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;

26.2.3. хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох;

26.2.4. хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах.

26.3. Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.

26.4. Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ.

26.5. Энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно.

26.6. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

26.7. Хүүхдийн эцэг, эх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан нь энэ хуулийн 26.2-т заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

26.8. Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд энэ хуулийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлж байгаад нь харьяалах сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавина.

26.9. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эцэг, эх хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээж, энэ хуулийн 30.1.-д заасан үйлдлийг хийж, хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана.

Print