МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа
25 дугаар зүйл. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах

25.1. Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ.

25.2. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно.

25.3. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.

25.4. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хүүхдийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөж байгаа нь тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчийг томилж болно.

25.5. Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.

25.6. Энэ хуулийн 25.4, 25.5-д заасан хүүхдийн тухай мэдээллийг ясли, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, эмнэлгийн байгууллагын холбогдох албан тушаалтан болон иргэн хүүхдийн оршин суугаа /оршин байгаа/ газрын сум, дүүргийн Засаг даргад өгөх үүрэгтэй.

25.7. Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хууль1-ийн 2 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллагаас шилжүүлсэн хүүхдийг хүлээн авсан хүүхдийн буюу харгалзан дэмжих байгууллага нь гурав хоногийн дотор энэ тухай сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэх үүрэгтэй.

25.8. Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 25.6, 25.7-д заасан хүүхдийн тухай мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор хүүхдийн амьдралын нөхцөлийг судалж, эцэг, эх болон төрөл садангийн хүн байхгүй нь тогтоогдсон бол түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ.

25.9. Сум, дүүргийн Засаг дарга нь хүнд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, бүртгэл хөтлөн, түүнийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэнд шилжүүлж болно.

25.10. Хүүхдийг энэ хуулийн 25.9-д заасны дагуу шилжүүлэх боломжгүй бол сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

Print