МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Гэрлэлтийн харилцаа үүсэх үндэслэл, гэрлэх нөхцөл, журам, гэрлэлт дуусгавар болох
14 дүгээр зүйл. Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах

14.1. Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

14.2. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна.

14.З. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.

14.4. Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.

14.5. Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно.

14.6. Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

14.7. Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.

14.8. Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон нөхцөлд шүүх Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

14.9. Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулна.

14.10. Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд харшлахгүй бол гэрлэлт цуцлуулсныг хүчинтэйд тооцно.

14.11. Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гэрлэлтээ Монгол Улсад захиргааны ба шүүхийн журмаар цуцлуулж болно.

Print